Мэдээний дэлгэрэнгүй
Сансар сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмд үлгэр жишээ болохуйц олон ажил санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Мэдрэлийн эсийн хорт хавдар хэмээн оношлогдсон Б.Тэмүүлэн хүүд туслах хандивийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд хоёр ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Сансар сүлжээ дэлгүүрийн нийт ажилтнууд мөн “Алтан Жолоо Импекс” ХХК ажилтнууд тус бүр 5000 төгрөг хандивлан 2017.11.07-нд нийт ажилтнуудын хандив болох 2 сая төгрөгийг Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хандивлав.
Мөн Сансар сүлжээ дэлгүүрийн бүх салбар дэлгүүрт Б.Тэмүүлэн хүүд туслах хандивийн хайрцаг болон постер байршуулж 2 сарын хугацаанд хэрэглэгч үйлчлүүлэгч нарын сэтгэлийн хандив болох 6,085,780 төгрөгийг өнөөдөр Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон Б.Тэмүүлэн хүүгийн ээж П.Оюунсүрэн, Хандивийн үйл ажиллагааг зохион байгуулагч Т.Эрхэмбаяр нарт гардуулан өглөө.
“Сансар” сүлжээ дэлгүүрийн Маркетинг, Олон ннийттэй харилцах менежер Э.Гэрэлцэцэг:
Б.Тэмүүлэн хүүд туслах хандивийн үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж өнөөдөр албан ёсоор хаалтаа хийж байна. Энэ хоёр сарын хугацаанд хандивийн үйл ажиллагааг идэвхижүүлж олны танил эрхмүүдээр чаллэнжийг эхлүүлснээр хэрэглэгч үйлчлүүлэгч нар Б.Тэмүүлэн хүүгийн тухай болон, хандивийн үйл ажиллагааны тухай илүү их мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Сансар сүлжээ дэлгүүрийн нийт хэрэглэгч үйлчлүүлэгч нарын сэтгэлийн хандив өнөөдөр эзэндээ очлоо. Б.Тэмүүлэн хүүгийн хандивийн аянд хандив өргөсөн нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ маш их баярлалаа.
Б.Тэмүүлэн хүүгийн ээж П.Оюунсүрэн:
Энэхүү ажлын эхлүүлсэн Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олондоо маш их баярлалаа. Хүү маань нийт 11 удаагийн химийн эмчилгээ, 2 удаагийн чөмөг шилжүүлэх хагалгаа, 1 удаагийн хавдар авах хагалгаа төлөвлөгдөж удахгүй 10 дахь химийн эмчилгээндээ орох гэж байна. Хүүд маань тусалж буй “Алтан жолоо трэйд” ХХК Гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар тэргүүтэй танай хамт олонд, Сансар сүлжээ дэлгүүрийн нийт хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ маш их баярлалаа.
Б.Тэмүүлэн хүүгийн хандивийн ажлыг зохион байгуулагч Т.Эрхэмбаяр:
Яг хүнд хэцүү бүх юм зогсонги байдалтай байх үед Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон яг ах дүү, хамаатан садан шиг минь юм шиг хүлээн авч Б.Тэмүүлэн хүүд туслах хандиийн их ажлын өрнүүлсэнд маш их баярлаж байгаагаа дахин илэрхийлье. Сансар сүлжээ дэлгүүр энэхүү хандивийн ажлыг өрнүүлснээр 50 гаруй сая төгрөгийг босгоход маш их хувь нэмэр орууллаа. “Сансар” сүлжээ дэлгүүрийн санаачлан эхлүүлсэн хандивийн чаллэнжид оролцсон МУСТА Г.Эрдэнэтунгалаг хүүгийн талаар мэдээлэлтэй болж бүх оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулахад манлайлан оролцсон. “Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон, хэрэглэгч үйлчлүүлэгчид Б.Тэмүүлэн хүүгийн эрүүл энх, сайн сайхан байх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна.